/ Цагдаагийн хэлтсийн дотоод журам

Цагдаагийн хэлтсийн дотоод журам

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЦАГДААГИЙН

ХЭЛТСИЙН ДОТООД ЖУРАМ

Нэг: Дотоод журмын зорилго

1.1   Монгол Улсын Үндсэн хууль, “Цагдаагийн албаны тухай”, “Хөдөлмөрийн  тухай”, “Төрийн албаны тухай”, Монгол Улсын хуулиуд, “Монгол Улсын Цагдаагийн байгууллагын Дотоод албаны дүрэм, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам,  /хөдөлмөрийн дотоод журам/ зэрэг хууль тогтоомжоор зохицуулагдаагүй дотоод үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулах, алба хаагч үр бүтээл идэвхи санаачлагатай ажиллах нөхцлийг бүрдүүлэх, тэдний хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, сахилга дэг журмыг бэхжүүлэхэд оршино.

1.2   Энэ журам нь тус Цагдаагийн хэлтсийн нийт алба хаагчид, болон гэрээт, энгийн ажилчид, түр  хугацаагаар сэлгэн ажиллаж байгаа алба хаагчдад мөн адил хамаарна.

1.3   Дотоод журам нь хууль тогтоомжтой зөрчилдсөн тохиолдолд хуулийн заалтыг баримтална.

Хоёр: Нийтлэг үндэслэл

2.1 Ажлын өдрүүдэд ажлын цаг 08.30 цагт эхэлж, 12.30-14.00 цагийн хооронд үдийн завсарлагаатай байж ажил 18.00 цагт дуусна. Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд томилогдсон алба хаагч нь  албаны шуурхай бэлэн байдлыг хангана.

2.2 Алба хаагчийн ажлын цаг ашиглалтанд жижүүр хяналт тавьж бүртгэл хөтлөх ба ажлын цагаар гадагш явсан тохиолдолд алба хаагч бүртгүүлэх үүрэгтэй. Бүртгүүлээгүйгээс гарах хариуцлагыг жижүүр хүлээхгүй.

2.3 Алба хаагч томилолтоор явахдаа бусад тасаг, албадаас хийх ажлын саналыг авч томилолтын төлөвлөгөөнд тусган явах маршрутыг батлуулсан байна.

2.4 Дээрх материалыг үндэслэн томилолтын хугацаа, унааны асуудлыг шийдвэрлэх бөгөөд хийсэн ажлын үр дүнг үндэслэн томилолтын зардлыг бүрэн буюу хувь тэнцүүлэн олгоно.

2.5 Хэлтсийн байр, байгууламж 24 цагийн хамгаалалтанд байна.

2.6 Алба хаагчдыг түр хугацаагаар эзгүй байх үед түүний албан үүргийг “Төрийн албаны тухай” Монгол Улсын хуулийн 4-р бүлгийн 21-р зүйлийн 21.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 111-р тогтоолоор баталсан “ Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ыг баримтлан тасгийн даргын албан үүргийг тухайн тасгийн аль нэг ахлах алба хаагчаар, албан тушаалтныг үүргийг адил албан тушаалтнаар орлуулах шийдвэрийг тухайн хэлтэс, тасгийн дарга гаргана.

2.7 Албан хэрэгцээнд ашиглаж байгаа техник, тусгай хэрэгсэл, хувцсыг алба хаагч нарт нэр зааж хадгалалт, ашиглалтыг хариуцуулах ба үйл ажиллагаанд нь тасгийн дарга нар хяналт тавина. Техник хэрэгслийг эвдсэн, гэмтээсэн, ашиглалтын зардлыг тогтоосон хязгаараас хэтрүүлсэн бол техникийн комиссоор шалгуулж, алба хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдож акт тавигдсан тохиолдолд алба хаагч хариуцана, хэрэв буруутан тогтоогдоогүй бол хариуцсан алба хаагч хохирлыг төлж барагдуулна.

2.8 Тасгийн дарга нар алба хаагчдын гаргасан зөрчилд албаны шалгалт хийж, шаардлагатай бол бусад арга хэмжээг авахуулахаар хэлтсийн даргын зөвлөлийн хуралд санал оруулж танилцуулна.

2.9 Байгууллагын дотоод дэг журмын биелэлтэд төлөвлөлт зохион байгуулалтын  тасгийн дарга өдөр тутам хяналт тавина.

2.10 Алба хаагчид аймгийн нутаг дэвсгэрээс гарч явах тохиолдолд хэлтсийн удирдлагаас зөвшөөрөл авна.

2.11. Байгууллагын Дотоод аюулгүй байдлыг хангах орон тооны бус ажлын хэсэгтэй байна.

2.12 Сахилга ёс зүйн орон тооны бус албатай байна.

Гурав: Дотоод зохион байгуулалт

3.1. Гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг нэгдсэн тоо бүртгэлийн санд оруулсан байдал, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн явцыг мэдээлэл судалгаа хариуцсан алба хаагч өглөөний нэгдэлтэн дээр бие бүрэлдэхүүнд мэдээлнэ.

3.2 Алба хаагч өглөөний нэгдэлт, сургалт соён гэгээрүүлэх ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 удаа тасалвал 1 өдрийн цалинг хасах, 4 удаа  болон шалтгаангүйгээр ажил тасалвал сахилга ёс зүйн алба болон даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.

3.3 Тасаг, албадын  сарын ажлын тайланг дараа сарын 05-ны өдрийн дотор гаргаж хэлтсийн бие бүрэлдэхүүнд танилцуулж, хэлтсийн удирдлагаас үүрэг чиглэл авч ажиллана.

3.4 Тасаг, хэсгийн ажлын явцыг сар бүрийн 15-ны өдөр зөвлөлийн гишүүд хэлэлцэж, цагдаагийн хэлтсийн даргаас чиглэл өгнө.

3.5 Алба хаагчидтай уулзахаар ирсэн иргэдийг хүлээлгийн танхимд байлгаж, тухайн ажилтнаас зөвшөөрөл авч нэвтрүүлнэ.

3.6 Алба хаагчийн ээлжийн амралтын хуваарийг жил бүрийн 1 дүгээр сард тасаг, хэсгийн дарга нар гаргаж хэлтсийн даргаар батлуулах ба  амралтыг 2 хуваан олгож болно.

3.7 Үйлчлэгч нь албан өрөөг  7 хоногт 2-оос доошгүй удаа,  нийтийн эзэмшлийн талбайг өдөр бүр цэвэрлэнэ.

Дөрөв: Цалин, нэмэгдэл хөлс, урамшуулал

4.1 Алба хаагчдын сарын ажлын үр дүнг даргын зөвлөлийн хурлаар сар бүрийн 22-ны дотор хэлэлцэж, цалинг  бодож олгоно.

4.2 Алба хаагч ээлжийн амралтаа 2 хувааж эдэлсэн тохиолдолд амралтын мөнгийг нэг удаа бодож олгоно.

4.3 Алба хаагч тодорхой ажил, албан тушаал хавсран, эсвэл эзгүй байгаа ажилтны ажил үүргийг орлон гүйцэтгэсэн бол үндсэн цалингийн 20 хүртэл хувьтай тэнцэх нэмэгдэл хөлс олгож болно.

4.4 Цагдаагийн хэлтсийн энгийн алба хаагчдад нэг өдрийн хоолны мөнгө 1,000 төгрөг, унааны зардалд 500 төгрөгөөр тооцож олгоно.

Тав: Чөлөө олгох

5.1. “Хөдөлмөрийн тухай” хуулийн 80 дугаар зүйлийг үндэслэж алба хаагчид дараах цалинтай чөлөөг олгож болно. Үүнд:

5.1.1 Шинээр гэр бүл болж, хуримлахад ажлын 5 хоног хүртэл,

5.1.2 Эхнэр нь амаржсанаас хойш нэг сарын дотор ажлын 5 хоног хүртэл,

5.1.3 Гачигдал тохиолдсон үед 14 хоног хүртэл,

5.1.4 Урлаг, спортын арга хэмжээнд оролцох үед 14 хүртэл хоногийн чөлөөг тус тус олгож болно.

5.2 Алба хаагч чөлөө авахдаа хүний нөөцийн мэргэжилтнээс чөлөөний хуудас авч тасаг, албадын даргаараа уламжлуулан хэлтсийн даргаар, түүний эзгүйд дэд даргаар цохолт хийлгэнэ.

5.2.1 Хэлтсийн дарга тухай ажилтны чөлөө авах үндэслэлийг харгалзан цалинтай болон цалингүй чөлөө олгох ба цалинтай чөлөө олгосон тохиолдолд цагдаагийн хэлтсийн даргын тушаал гаргана.

5.2.2 Алба хаагч чөлөөний хуудсанд хэлтсийн даргаар цохолт хийлгэсний дараа хүний нөөцийн мэргэжилтэнд өгнө.

5.2.3 Чөлөөний хуудас нь санхүүгийн болон ажлын цагийн тооцооны баримт болно.

Зургаа: Эргүүл, жижүүрийн үйл ажиллагааны талаар

6.1 Эргүүл, жижүүрийн үйл ажиллагаа нь Монгол улсын хууль тогтоомж, Цагдаагийн албаны тухай хууль, ЦБҮАЖ-ын код 400-404, аймгийн ИТХ, Засаг даргаас гаргасан эрх зүйн бичиг баримтын хэм хэмжээний хүрээнд иргэдэд үйлчлэх үйл ажиллагааг зохион байгуулахад оршино.

6.2 Долоо хоногийн Баасан гариг бүр Замын цагдаагийн тасгаас бусад тасгийн алба хаагчид хуваарийн дагуу нийтийн хэв журам хамгаалах эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ.

6.3 Цагдаагийн хэлтэст ёс журмын эргүүлийг ЦБҮАЖ /код 102/-ын 102.2.2 дахь хэсэгт зааснаар томилно.

6.3.1 Ёс журмын эргүүл нь тухайн өдрийн эргүүл, жижүүрийн үйл ажиллагаа, алба хаагчдын сахилга ёс зүй, цаг ашиглалтын байдал, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих бөгөөд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код 102/-ын 102.2.4 дэх заалтыг мөрдөж ажиллана.

6.3.2 Ёс журмын эргүүл нь ЦБҮАЖ /код 102/-ын 102.2.5 дахь хэсэгт заасан эрх эдэлнэ.

6.3.3 Ёс журмын эргүүлийн үйл ажиллагаанд цагдаагийн хэлтсийн дарга хяналт тавина.

6.4 Жижүүрийн жолооч нь ажилд гарахын өмнө автомашины бүрэн бүтэн байдлыг аж ахуйн ажилтанд шалгуулан замын хуудсанд тэмдэглэл хийлгэх бөгөөд үүрэг гүйцэтгэх үед явсан километрийн заалтыг тухай бүрт нь тэмдэглэл хийж, жижүүрийн офицероор гарын үсэг зуруулсан байна.

6.5 Жижүүрийн жолооч нь тухайн өдрийн ерөнхий жижүүр болон удирдлагын зөвшөөрөлгүйгээр маршрут зөрчихийг хориглоно. Жижүүрийн автомашиныг дуудлаганд явах үед ерөнхий жижүүр байнгын хяналт тавина.

Долоо: Шагнал урамшуулал, дэмжлэг, туслалцаа үзүүлэх

7.1 Гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх болон цагдаагийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслалцаа үзүүлсэн иргэн, байгууллагыг Цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар шагнан урамшуулж болно.

7.2 Алба хаагчдад тохиолдсон гачигдал болон тэмдэглэлт үйл явдлын үед үзүүлэх тусламж дэмжлэг болон спорт, урлагын арга хэмжээ, баяр ёслолын зардлыг хамтын сангийн журмаар, хэлтсийн даргад танилцуулж шийдвэрлэнэ.

7.3 Гэр хороололд амьдарч байгаа алба хаагч болон өндөр настанд жилд нэг удаа түлээ нүүрсний тусламж үзүүлж болно.

7.4 Тухайн жилийн цалин сангийн хэмнэлтийн тодорхой хувиар ахмадын санг бүрдүүлнэ.

7.5 Ахмад настанууд Улаанбаатар хотод хэвтэн эмчлүүлэх тохиолдолд эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх буюу унааны тал зардлыг жилд нэг удаа олгож болно.

7.6. Алба хаагчдыг урьдчилан сэргийлэх эмчийн үзлэгт хамруулахад гарах зардлын 50 хувийг байгууллага хариуцаж болно.

7.7. Төв, орон нутгаас шинээр томилогдсон, тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчид албаны орон сууцанд суулгах эсэхийг хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.

7.8. Тасаг бүр албаны мэдлийн 1 байртай байх ба тухайн орон сууцанд тасгийн дарга суух давуу эрх эдэлнэ. Тасгийн дарга хувийн орон сууцтай бол өөрийн тасгийн алба хаагчийг суулгах асуудлыг тасгийн хурлаар хэлэлцэж, даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.

7.9. Шинээр томилогдсон алба хаагч нь албаны орон сууцанд 2 жилээс илүүгүй хугацаагаар оршин суух ба алба хаагчийн хүсэлтийг үндэслэн нэг жил хүртэл хугацаагаар сунгах эсэхийг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ. Байрыг нэн даруй суллах асуудлыг захиргааны санаачилгаар шийдвэрлэнэ.

Албаны байрыг суллуулах тохиолдолд 14 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэл хүргүүлнэ.

7.10. Тухайн орон нутагт хувийн орон сууцтай удирдах албан тушаалтанд дээрхи заалт хамаарахгүй.

7.11. Албаны орон сууцанд амьдарч байгаа алба хаагч нь тухайн байранд амьдрах хугацаандаа байрыг бүрэн бүтэн байлгаж, засвар үйлчилгээ болон СӨХ, цахилгаан, ус халаалт, холбоо, байрны холбогдох төлбөрийг бүрэн хариуцана.

7.12. Албаны орон сууцанд амьдарч байгаа алба хаагч удаа дараа бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, байрны эд хогшлыг эвдэж гэмтээсэн тохиолдолд учирсан хохирлыг бүрэн барагдуулуулж орон сууцыг хурааж болно.

7.13. Албаны байранд амьдарч байгаа алба хаагчдаас 1 өрөө 20000, 2 өрөө 32000, 3 өрөө 40000 төгрөгөөр бодож байрны түрээсийн төлбөрийг сар бүр авна.

7.14. Албаны орон сууцанд 5 жилд нэг удаа урсгал засвар, үйлчилгээ хийж болно.

Найм: Хамтын сангийн зарцуулалт

8.1. Хамтын сангийн тайланг сонгогдсон алба хаагчид хариуцаж, тайланг улирал бүр гаргаж, зарцуулалтыг Хамтын сангийн журмын дагуу шийдвэрлэнэ.

8.2. Шаардлагатай тохиолдолд хамтын сангийн тайланг сард нь хэлэлцэж, өөрчлөлт оруулах асуудлыг хамт олны хурлаар шийдвэрлэнэ.

Ес: Хориглох зүйл

9.1. Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг хэлтсийн байранд нэвтрүүлэх,

9.2. Цацраг идэвхит, тэсэрч дэлбэрэх, түргэн шатамхай, ууршиж дэгдэх хорт бодисыг хэлтсийн байранд нэвтрүүлэх,

9.3. Албаны компьютер нууцлалтай, лацтай байх бөгөөд нууцын болон албаны бичиг баримтыг ил байлгах, өрөөг эзэнгүй, онгорхой орхих, даргын зөвшөөрөлгүйгээр албаны /эрүүгийн хэрэг, материал/ мэдээлэл задруулах,

9.4. Албаны гражид удирдлагын зөвшөөрөлгүйгээр хувийн автомашин тавиулах,

9.5. Алба хаагчдын гэрийн хаяг, ажлын бус цагаар гар утасны дугаарыг бусдад өгөх,

9.6. Ажлын байранд архидан согтуурах, элдэв төрлийн тоглоом тоглох, дуу хөгжим чанга тавих, бие биетэйгээ зүй бусаар харьцах, цээртэй үг хэрэглэх бусдын ажилд хүндрэл учруулах,

9.7. Хэлтсийн гадна болон дотоод орчинд утаат тамхи татах,

9.8. Хэлтсийн даргын өрөөнд болон өглөөний нэгдэлтийн үеэр, хичээл сургалтын танхимд алба хаагчид гар утас ашиглахыг тус тус хориглоно.

Арав: Дотоод журмыг мөрдөх, хариуцлага тооцох

10.1. Цагдаагийн хэлтсийн үндсэн үүрэг чиглэл өөрчлөгдөх хүртэл энэ журам хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

10.2. Дотоод журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.

10.3. Дотоод журамтай холбогдсон санал, хүсэлт, гомдол, маргааныг Цагдаагийн хэлтсийн даргын зөвлөл хүлээн авч шийдвэрлэнэ.

10.4. Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан журамд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэх асуудлыг хамт олны хурлаар хэлэлцүүлж, Цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар баталгаажуулна.

 

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна