/ Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм

Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм

Цагдаагийн ерөнхий газрын даргын

2011 оны 11-р сарын 14-ний өдрийн

598 дугаар тушаалын хавсралт

 

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг: Нийтлэг үндэслэл

1.1. Энэ дүрмийн зорилго нь Цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлэхэд оршино.

1.2. Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас батлан гаргасан Хууль хэрэгжүүлэх албан тушаалтны зан үйлийн тухай хууль болон Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн байгууллагын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж энэ дүрмээр тодорхойлогдоно.

1.3. Цагдаагийн бүх шатны байгууллагын удирдлага энэхүү дүрмийг бие бүрэлдэхүүнд мөрдүүлж, биелэлтэд хяналт тавьж, хариуцлагын тогтолцоог бүрдүүлж ажиллана.

Хоёр: Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн зөрчил

2.1. Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн зөрчил гэж холбогдох хууль тогтоомж болон энэ дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.

2.2. Цагдаагийн алба хаагчийн ёс зүй нь өргөсөн тангарагтаа үнэнч байх, хууль тогтоомжийг дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн тэгш байдлыг хангах, албан үүргээ амжилттай гүйцэтгэх үндсэн нөхцөлийн нэг тул цагдаагийн бүх шатны байгууллага нь алба хаагч бүрээс ёс зүйн хэм хэмжээг заавал сахин биелүүлэхийг шаардана.

2.3. Цагдаагийн алба хаагч нь биеэ авч авах байдлаараа цагдаагийн байгууллагын нэр хүндийг цэвэр байлгахыг ямагт хичээж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин мөрдөх үүрэгтэй.

Гурав. Ёс зүйн дүрмийг биелүүлээгүй тохиолдолд авах арга хэмжээ

3.1. Ёс зүйн хэм хэмжээг хэрхэн сахин биелүүлж байгаа нь цагдаагийн алба хаагчийг шагнаж урамшуулах, удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад оруулах, дэвшүүлэн томилох, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, албан тушаал бууруулахад харгалзана.

3.2. Цагдаагийн алба хаагч ёс зүйн зөрчил гаргасан бол түүний эрхэлж байгаа албан тушаал, цол, ажилласан жилийг үл харгалзан шалгаж шийдвэрлэнэ.

3.3. Энэ дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь тухайн алба хаагчид Цагдаагийн байгууллагын тухай хуульд заасан сахилгын шийтгэл ноогдуулах, албанаас халж, цолыг хураах үндэслэл болно. Сахилгын шийтгэл ногдуулахтай холбогдсон харилцааг тусгай журмаар зохицуулна.

Дөрөв. Ёс зүйн зарчим, хэм хэмжээ

4.1. Цагдаагийн албан хаагч нь хууль дээдлэх зарчмын хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө.

4.1.1. Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд мөрдөж байгаа дүрэм, журам, заавар, байгууллагын соёл, дэг журмыг чанд баримтлах;

4.1.2. Албан үүргээ гүйцэтгэх явцдаа төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байх, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглах, албан ёсны шийдвэр гараагүй аливаа асуудлын талаар байр суурь илэрхийлэхгүй байх, зөвшөөрөлгүй мэдээ, мэдээлэл тараахгүй байх;

4.1.3. Байгууллагын өмч хөрөнгө, техник хэрэгсэл, албан хэрэгцээний мэдээ, мэдээлэл, баримт сэлт, мэдээллийн санг албаны бус зориулалтаар ашиглахгүй байх;

4.1.4. Хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх, хамтран ажиллагсдадаа энэ талаар хууль ёсны шаардлага тавих;

4.1.5. Дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг ёсчлон биелүүлж, захирах, захирагдах ёсны зарчмыг баримтлах;

4.1.6. Ажлын бус цагаар Цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх, хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;

4.2. Цагдаагийн албан хаагч нь тэгш байдлыг хангах зарчмын хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө.

4.2.1. Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн чиг хандлагаар нь ялгаварлан гадуурхахгүй байх;

4.2.2. Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, тэдний нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх;

4.2.3. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, басамжлан доромжилж, сүрдүүлэхгүй байх;

4.2.4. Хамтран ажиллаж байгаа алба хаагчдын албаны ажилд хүндэтгэлтэй хандаж, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөхгүй, бусдад зуучлахгүй байх, харьяаллын бус хэрэг маргаанд оролцохгүй байх;

4.3. Цагдаагийн албан хаагч шударга ёсны зарчмын хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө.

4.3.1.    Авлигын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу өөрийн өмчийн байдал, түүнд орсон өөрчлөлт, орлогын талаар хөрөнгө орлогын мэдүүлэгтээ үнэн зөв, бүрэн мэдүүлэх;

4.3.2. Хуулиар зөвшөөрснөөс бусад ажил үүрэг гүйцэтгэхгүй байх;

4.3.3. Албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж авсан мэдээ, мэдээллийг цагдаагийн алба хаагчийн нэр төрд харшилж болох болон өөрийн санхүү, эдийн засгийн аливаа хэлцэл болон хөрөнгө оруулалт, эдийн засгийн бусад ашиг сонирхлоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ашиглах, зуучлах;

4.3.4. Албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, далайлган сүрдүүлэх, бусдын өмч хөрөнгийг амин хувийн болон албан ажилд ашиглахгүй байх;

4.3.5. Алба хаагчийн шалгаж байгаа мэдээ, мэдээлэл, өргөдөл, гомдол, хүсэлт нь садан төрөл, найз нөхдөд нь болон ямар нэг байдлаар түүнтэй шууд ба шууд бусаар хамааралтай бол шалгаж, шийдвэрлэхээс татгалзах;

 

4.4. Цагдаагийн албан хаагч хариуцлага хүлээх зарчмын хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө.

4.4.1. Байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагааг эсэргүүцсэн мэдээ, мэдээлэл тараахгүй байх, энэ төрлийн арга хэмжээг зохион байгуулж, оролцохгүй байх;

4.4.2. Албан ажилд шаардлагатай мэдээллийг санаатай нуун дарагдуулах замаар удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулахгүй байх;

4.4.3. Мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлж, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо чадварлаг, үр бүтээлтэй гүйцэтгэж гүйцэтгэлийн үр дүнг хариуцах;

4.4.4. Цагдаагийн алба хаагч нь ажлын байранд болон иргэний хувьд цагдаагийн алба хаагчийн нэр хүндийг хамгаалах үүргийг хангах хүрээнд мөрийтэй болон бооцоот тоглоом тоглох, энэ үйл ажиллагааны зохион байгуулалтад оролцохгүй байх;

4.4.5. Ажлын байранд, ажлын цагаар, албан үүрэг гүйцэтгэж явахдаа болон дүрэмт хувцастай архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх;

4.4.6. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон хууль тогтоомжийг чанд сахих;

4.4.7. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бусад эм, бэлдмэл болон бусад бодис хэрэглэхгүй байх;

4.4.8. Нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээ болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмуудаар зохицуулсан дотоод журмыг сахин мөрдөж, бүдүүлэг зан авир, үйлдэл, хөдөлгөөн гаргахгүй байх;

4.4.9. Шалгаж байгаа өргөдөл, гомдол, хэрэг, маргааны оролцогчидтой хувийн харьцаанд орохгүй байх;

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна